Д.Жамъяндагва


Өрийн гогцоог “зангидагч” Ч.Хүрэлбаатар

hi

Тусгаар тогтносон Монгол Улсын Засгийн газрын өр 2020-2021 оны босгон дээр сүүлийн 30 жилийн хамгийн өндөр түвшинд хүрч, 27 их наяд төгрөгийг давав.

Уг нь тухайн үеийн Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар сав л хийвэл “У.Хүрэлсүхийн Засгийн газар 8 их наяд төгрөгийн өр дарсан” хэмээн үе үе сайрхдаг хэдий ч ачир дээрээ мань хашир албан тушаалаасаа буухдаа хойч үедээ үлдээх өрийн дарамтыг 2 дахин нэмчихсэн аж.Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар ажиллаж байх хугацаанд Засгийн газрын гадаад өр 5.6 их наяд орчим төгрөгөөр нэмэгдсэн. Үүн дотор одоо хэрүүлийн алим болоод буй Хөгжлийн банкны шугамаар болон гадаад эх үүсвэрээс босгосон өр зээл 2 дахин ихэссэн байх юм. Үндэсний статистикийн хорооноос авсан дээрх баримтаар Засгийн газрын гадаадаад өрийн хэмжээ 2016 онд 12.3 их наяд төгрөгтэй тэнцэж байсан бол 2020 онд 24.8 их наяд болжээ.


Засгийн газрын өр яагаад ингэж нэмэгдэв? Монгол Улсын төсөв сангийн бодлогыг зангидах эрх мэдлээ Ч.Хүрэлбаатар өрийг өрөөр дарах замаар л хэрэгжүүлсний үр дүн. Бүр болоогүй нэмж өр тавьсаар байсныг дээрх статистик харуулж байна. Түүнийг Сангийн сайдын албыг хаших хугацаанд Монгол Улс Хөгжлийн банкаар дамжуулж хоёр ч удаа гадаад зах зээлээс бонд авч, олон улсын байгууллага, доноруудаас их хэмжээний зээл авсан юм.

  1. Бондын эхнийх нь, 2018 оны 10 сард Монгол Улсын Хөгжлийн банк Засгийн газрын баталгаагүйгээр богино хугацаатай, хөвөгч хүүтэй гадаад өрийг дахин санхүүжүүлэхээр 5 жилийн хугацаатай 500 сая ам.долларыг татсан.
  2. Удаах нь, 2020 оны 9 сард 5.5 жилийн хугацаатай 600 сая ам.долларын “Номад” нэртэй бондын санхүүжилтийг олон улсаас босгосон. Мөн л Г.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын үед тавьсан “Чингис”, “Мазаалай” бондын 2021, 2022 онд хийх төлбөрийг эргүүлэн худалдан авсан.

Тухайн үед эдийн засагчид, зах зээлийн болоод төсвийн шинжээчдийн ихэнх нь өрийг өрөөр дарж байгааг шүүмжилсэн. Гэвч цаанаа улс төрийн асар том дэмжлэгтэй нөхцөлд саруул ухаанаар тунгаасан тэдгээр шүүмжлэл хаданд хашгирч байгаагаас ялгаагүй байв.

Уг нь, 2016 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш 2020 оны сонгууль хүртэл Монгол Улсын эдийн засгийг “тэнгэр ивээсэн” юмсан. Ашигт малтмалын түүхий эдийн үнэ сэргэж, Монгол Улс ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төсвийн бодлого нь цэгцэрч, алдагдал нь багассан. Бүр сайрхвал 2018 онд төсөв алдагдалгүй гарсан жил байв. Харамсалтай нь, 2019 онд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр дууслаа гэсэн шиг Сангийн сайд маань орлогоо хэт өөдрөг тооцож, зарлагаа үрэлгэн зоосон нь төсвийн зарлагыг уужуу гэгч нь тэлж орхисон билээ. Ингэж алдагдалтай төсөв батлах нь Монгол Улс өрийн хүлээснээс гаралгүй, чөтгөрийн тойрогт эргэлдэх гол шалтгаан болж буйг бүгд л анхааруулж байсан. Ирэх жилүүдэд бондын өр төлөхийн тулд төсвийн орлогоо бодитой тооцож, шаардлагагүй зардлуудаа танах хэрэгтэйг, Засгийн газрын зардлыг бууруулж, төсвийн хөрөнгө оруулалтыг бодитой болгооч гэж хувийн хэвшлийнхэн, эрдэмтэн судлаачид хэлж байсан. Харамсалтай нь, төсвийн орлогынхоо 15-20 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалтыг баталж, 76 тойргийг усалж байсан нь төсвийн зардал тэлэх нэг том шалтгаан байв. Үүнээс үүдсэн төсвийн алдагдлыг санхүүжүүлэхийн тулд л гадаадаас бонд босгож, олон улсын байгууллагуудаас зээл авах ажлыг Ч.Хүрэлбаатар гарамгай зохион байгуулсан юм. Ингэж гадаадаас өр үйлдвэрлэхэд цаг үеийн тохироо нь таарч, давуу тал болж хувирсан юм. Юуны өмнө, Засгийн газарт зээл өгөх хүмүүс Монгол Улсын эдийн засгийн макро орчны төлөв байдлыг хардаг. Манай эдийн засгийн 50 орчим хувийг гадаад орчин тайлбарладагийн экспортын болоод төсвийн орлого голлон бүрдүүлдэг ашигт малтмалуудыэ үнэ харьцангуй тогтвортой байсан.

Дараагийнх нь, 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан тул гадныхны нүдээр манай улс төрийн орчин харьцангуй тогтвортой харагдаж байв. Дотооддоо хөл гараа жийлцээд байхгүй тул бизнесүүдэд улс төрийн зүгээс гэнэтийн дарамт, хууль эрх зүйн гэнэтийн өөрчлөлтүүд ирэхгүй гэж тооцож болох тул татварын орлогод тасалдах эрсдэл байхгүй, тогтвортой байна.

Өр тавихад таатай дэвсгэр болсон өөр нэг зүйл нь Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт байв. Жилдээ 1 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол руу татаж байсан энэ төсөл манай улсын эдийн засгийг гадаад орчинд гэрэлтүүлж буй тодоос тод бамбар байв. Дээрээс нь ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжиж, төсвийн сахилга бат сайжирсан гэж үзэж байсан нь гадаадын зээлдүүлэгчид Засгийн газрын гаргасан бондыг худалдаж авах суурь нөхцөл болсон юм. Бас олон улсын байгууллагууд ч Монголд тусламжийн гараа улам тэнийлгэхээс татгалзаагүй.

Ийм л сайхан цаг үеийн тохироо бүрдсэн учраас өрийг өрөөр дарах ажиллагаа амжилттай хэрэгжсэн хэрэг.

 

Дээрх зурагт графикт 2014 оноос хойшхи Монгол Улсын төсвийн алдагдал, түүнийг санхүүжүүлсэн эх үүсвэрүүд байна. 2014-2016 онд бол гадаад зах зээлд түүхий эдийн үнэ унаж уруудсан үе байсан тул төсвийн алдагдал 2016 оныг хүртэл огцом тэлсэн. Харин 2017 оноос ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжиж, 2019 он гэхэд бага зэрэг ашигтай гарчээ. Гэтэл төсвийн энэхүү алдагдлыг санхүүжүүлэхээр авсан зээлийн хэмжээ Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар ажиллаж байх хугацаанд хамгийн их нэмэгджээ. Жилд дунджаар 1.4-2.7 их наяд төгрөг буюу төсвийн орлогынхоо 5-10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг зээл хэлбэрээр авч байсан байна. Уг нь, жилд төсвийн орлогынхоо 10-15 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтын гэх үргүй зардлуудаа танаж байсан бол шинээр өр зээл тавихгүй байх боломж байсан.

Ойрын өдрүүдэд Эдийн засгийн чуулганыг угтсан салбар хэлэлцүүлгүүд өрнөж байна. Эдийн засгийг өсгөх тухай биш харин хэрхэн аврах тухай агуулга зонхилж байна. Тийм байхаас ч аргагүй биз. 2022 онд Засгийн газрын өрийн хэмжээ нь ДНБ-ийнхээ 60-65 хувьтай дүйж, 2.4 их наяд орчим төгрөгийн алдагдалтай төсөв баталж, татварын орлогынхоо гуравны нэгтэй тэнцэх мөнгийг өр төлбөрийн эргэн төлөлтөд зарцуулж байгаа улс шүү дээ.

Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 онд хэрэгжүүлэх стратегийн баримт бичиг гэж бий. 2019 оны 5 дугаар сард УИХ-ын 55 дугаар тогтоолоор баталсан тэрхүү баримт бичигт дурдсанаар ах нарын тарьсан балгаас болж Монгол Улс цаашид ч өрийг өрөөр дарахаас өөр сонголтгүй болжээ.

Тухайлбал, 2023-2024 онд Гэрэгэ, Хуралдай бондын 1.4 сая ам.доллартай тэнцэх өр төлбөрийг төлөхийн тулд дахин зээл авахаас аргагүй аж.

Зээл авч, өр тавихгүй л бол манай улсын төсөв, гадаад валютын нөөцөөс төлөх нь эдийн засагт дарамт үзүүлэх эрсдэлтэй гэж бичиж. Уг нь тус баримт бичигт тооцоосноор 2022 он гэхэд Засгийн газрын гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 46 хувиас хэтрэхгүй байх ёстой атал өдгөө 60 хувь давчихсан байна. Үүний зэрэгцээ төгрөгийн ханш эрс суларч, инфляц хоёр оронтой тоогоор хэмжигдэх болсон энэ цаг үед гадаад өрийн эргэн төлөлтөд ханшийн эрсдэл ихээхэн дараа болно гэсэн үг.

Монгол Улс өрийн гогцоогоо суллах таатай цаг үе өнгөрсөн хугацаанд тохиосон. ДНБ 5-8 хувиар өсөж, экспортын орлого тэлж, Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирж байсан ч энэ боломжийг манай төсөв сангийн бодлогыг зангидагч эрхэм улс орны эрх ашгийн төлөө ашигласангүй. Харин өрийг гогцоог улам “зангидаж”, хойч үеэ ч тэрхүү чөтгөрийн тойрогч угз татан оруулж орхилоо.

      

 

Хаха 0 1 Таалагдсан 1 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2